Чингисийн чулууны бичигт дурдсанаар Есүнгэ мэргэн хэдэн алд газар харвадаг вэ?

#1
1 Лаяк

#2

335 алд газар

0 Лаяк

#3

Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөө чулууны бичээс юм.

	   Монголчууд Хорезм улсыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн аж. Хуралдайн үеэр Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ. Ингэж нэрлэх болсон учир гэвэл бичээсийн тэргүүнд Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байдагтай холбоотой.


	   Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь 13-р зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилнэ. Бичээст Есүнгэ мэргэний гайхалтай хол харваж, мэргэн оносон тухай тухай өгүүлэх тул судалгааны бүтээлүүдэд “Есүнгэгийн чулууны бичиг” гэх болжээ.


	    Гэрэлт хөшөөг 1224 он юмуу, эсхүл 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг. 


	   Энэ түүхийн дурсгалт бүтээлийг судлаач Г. И. Спасский / 1783-1864 / Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд олжээ. Улмаар  5 мөр, 21 үг бүхий уг гэрэлт хөшөөг Нэрчүүгийн чулууны үйлдвэрт хүргэж, 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд үзүүлжээ.


	Хадан дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун нойод-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун (онохдоо гэсэн утга) гурбан загуда гучин табун алдас-дур (тоогоор зохицдог байсны баталгаа) ондудла-га(онолоо)” “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож бууж хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.


	Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.


	    Есүнгэ мэргэн /1190-1270/ 


	   Есүнгэ мэргэний эцэг Хасар /1164-1213/ Их Монгол улсыг байгуулахад онцгой гавьяа бүтээсэн бөгөөд түүхэнд гарамгай жанжин, мэргэн харваач, эгнэшгүй хүчтэнээр тэмдэглэгдэн үлджээ.


	   Тухайлбал Монголын нууц товчоонд “ Өүлэн эх... Хасар минь хав хүч эрдэмтэй тул 


	   Харавцаж гарсныг


	   Харван оруулах бөлгөө


	   Ойлон гарсныг


	   Онтдож оруулах бөлгөө...” /244 зүйл/ хэмээсэн буй.


	   Хасарын удмынхны дундаас хамгийн алдартай нь түүний орыг залган суусан хоёрдугаар хөвгүүн Есүнгэ билээ. 


	   Их хаан бие чилээрхэхэд Есүй хатны хамт сувилж асан, түүнчлэн Өгэдэйг хаан ширээн залах ёслолд байлцсан зэрэг нь Чингис хааны хайртай ач нарын нэг, нөлөө бүхий ноён байсныг гэрчилнэ. Монголын нууц товчоонд /269-р зүйл/ “Хулгана жил/1228 он/ Цагаадай, Бат тэргүүтэй баруун гарын хөвүүд, Отчигин ноён, Егү, Есүнгэ тэргүүтэй зүүн гарын хөвгүүд, Тулуй тэргүүтэн голын хөвгүүд, охид, хүргэд, түмэд, мянганы ноён бүгдээр цугларан ирж Хэрлэнгийн Хөдөө аралд хурж, Чингис хааны нэрийдсэн мөн зарлиг ёсоор Өгэдэй хааныг хан өргөө” хэмээн тэмдэглэжээ. Чингисийн чулууны бичиг” нь мянга гаруй жилийн түүхтэй монгол бичиг үсгийн олон дурсгалуудаас энэ үед ирсэн хамгийн “ууган” бүтээл гэж хэлэхэд болох соёлын их өв билээ.


	1930-аад он хүртэл монголч эрдэмтэн академич Шмидт, багш Ваанчиг, Б.Дорж, И.Клюкин, С.Мураями, Ч.Дамдинсүрэн, Ш.Бира, Хар Үхэрт Д.Жамсранжав, Б.Ринчен нар янз бүрээр уншиж тайлбарлаж байв
0 Лаяк

#4

Чингисийн чулууны бичиг Энэ нь Чингис хааны ач Есүнгэ-гийн сур харвааны их амжилтыг алдаршуулан босгосон гэрэлт хөшөө юм. Бичээсийг анх олж мэдэх тэр үед буриадын лам, хэл мэрч орчуулагч нар бичээсний эхэд байх Чингис хааны нэрийг олж уншсанаар “Чингисийн чулууны бичиг” хэмээн нэрийдэж, тэр нэрээр нийтэд тархсан байна. Мөн зориулсан эзнээр нь “Есүнгэ-гийн гэрэлт хөшөө” гэж зүй ёсоор нэрлэх нь ч бий. Дурсгалын талаар анх Оросын түүхч Г.И.Спасский 1818 онд “Сибирский Вестник” (Сибирийн мэдээ) сэтгүүлд хэвлүүлсэн “Памятники древности в Сибири северной и восточной” хэмээх өгүүлэлдээ мэдээлжээ. Тэр өгүүлэлд Эргүнэ мөрний зүүн цутгалан болох Үрлүнгүй голд зүүн талаас нь цутгадаг Хархираа ба Хондуй хоёр голын хавиас тус тус эртний хотхоны үлдэгдэл олж судалсан тухай, мөн Хархираагийн балгаснаас дээш 5,335 км газраас цөөн хэдэн булш олдсон бөгөөд ойролцоо нь мөнөөх хөшөө чулуу байсан гэж нутгийнхан мэдээлснийг бичжээ. Харин Г.И.Спасскийн ихэнх мэдээлэгчид тэр хөшөө чулуу чухам Хондуйн балгасны хавиас олдсон гэж мэдүүлсэн байна. Гэрэлт хөшөөг Нерчинск (монголоор Нибчүү) хотын үйлдвэрт хадгалж байгаад, 1829 онд Петербургэд зөөж аваачсан байна. Эдүгээ ОХУ-ын Санкт-Петербург хотын Улсын Эрмитаж музейд “БМ-728” бүртгэлийн дугаартай хадгалж байна. Уг хөшөө нь боржин чулуу бөгөөд өндөр нь 210,5, өргөн 66, зузаан нь 21,5 см (суурийн хамт) хэмжээтэй. Нийт 5 мөр 21 үгтэй, монгол бичгээр монгол хэлээр бичсэн. Тээвэрлэх үед бий болсон бололтой хөшөө чулуу хоёр газраар хөндлөн хагарсан байдалтай. Бичээсийн агуулга нь Чингис хаан тэргүүлэн Сартуул иргэнийг байлдан дагуулаад (1224 онд), аян дайнаас эх нутаг буцах замдаа Буха сучигай хэмээх газарт Хамаг Монгол улсьш ноёдын их хуралдай хурж, найр наадам хийхэд Чингис хааны ач, хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд (530 орчим метр) газарт бай харваж мэргэн оносон тухай өгүүлжээ. Уг дурсгал нь нум сумаар хамгийн хол газар байг мэргэн онож харвасан спортын дээд амжилтыг тэмдэглэсэн бодит дурсгал юм. Үүнээс илүү дээд амжилтын гэрч болсон бодит баримтат дурсгал хараахан үгүй. Есүнгэ-гийн харваж оносон 335 алд газрын хэмжээг судлаачид янз бүрээр тогтоожээ. Монголчуудын алд (alda) гэдэг нь дэлгэсэн хоёр гарын хурууны үзүүр хоорондын зайг хэлдэг бөгөөд эртний английн fathom, францын хэлний brasse гэсэн хэмжээстэй тэнцүү. Судлаачдаас Жагварал 715 м, И.Клюкин 612,65 м, Й.Шуберт 536 м, Б.Ринчен 400 метр гаруй хэмээн тус тус тооцоолсон байна. Монголын Нууц Товчоон (14 дүгээр зууны сүүлчээр хятадаар галиглаж орчуулсан)-ны чөлөөт орчуулгад алдыг хятад хэлний пүү “pu”-гээр орчуулсан, нэг пүү (pu) нь 1,55-1,60 метр болдгийг харгалзан үзвэл Й.Шубертын тооцоо хамгийн бодитой зөв тооцоо болсон гэдэг. Энэ тухай Австралийн монголыг судлаач эрдэмтэн И.де Рахевилз тодорхой дурджээ. Академич Ш.Бира: ‹‹Чингисийн чулууны бичээс бол их харваач Есүнгэ-гийн аварга амжилтыг мөнхжүүлсэн монголчуудын үндэсний спортын гайхамшигт дурсгал хэмээн үзэж болно. Есүнгэ бол удмаараа их харваач байжээ. Түүний аав Нууц Товчоонд өгүүлснээр “Их тэлж харвабал 900 алд газар харвадаг, татаж тэлж харвабал 500 алд газар харвадаг” их хүчит харваач байсан ажээ. Энэ бол үлгэр туульсын шинжтэй магтаал боловч, Хасар нь ер бусын бяр чадалтай баатарлаг эр байсан нь тодорхой›› гэжээ . Үнэхээр Хасар нь сайн харваач байсан учир “хавт Хасар” хэмээн алдаршсан байжээ. Түүнчлэн энэ дурсгал бол одоо мэдэгдэж буй уйгуржин-монгол бичгийн хамгийн эртний дурсгал, мөн уйгуржин бичгээр уламжилсан монгол хэлний хамгийн эртний дурсгал билээ. Цаашилбал, монгол хэл ба худам монгол бичгийн дурсгал төдийгүй, 13 дугаар зууны үеийн монгол албан бичгийн хэв журмыг тусгасан тул бичгийн хэлний соёлын чухаг дурсгал юм. Тухайлбал, Чингис хаан ба Есүнгэ хэмээх хоёр нэрийг хоёр өөр зэргэмжээр дээш мөр тэтгэж бичсэн байдаг. Энэ ёс бол монгол албан бичигт 1940-өөд он хүртэл уламжилсан, мөн монголоос бичиг авсан манж бичигт ч нэгэн адил хэрэглэж заншсан хүндэтгэл илэрхийлэх ёс билээ. Чингис хаан бол нийт монгол түмний мөнхөд хүндлэн биширдэг, дэлхий дахины түүхэнд онцгой нөлөө үзүүлсэн их хүн. Дорнод Туркестан (Хорезм) буюу монголчуудын хэлж байснаар Сартуул иргэнийг итгэл эвдэв хэмээн дайлсан 6-7 жилийн их аян дайныг Чингис хаан биеэр удирдаж, ялалт байгуулсан ба мөн түүний зарлигаар Хамаг монгол улсын ноёд Буха Сучигай гэдэг газар их хурилдай хурах үеэр баяр наадам хийсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бичээс Чингис хааны үйл хэрэгтэй дам холбогдолтой билээ. Иймд, монголчуудын болон Евроазийн олон үндэстэн угсаатны түүхийн туршид нийгмийн оюун санааны чухаг орон зайг эзэлсээр ирсэн Чингис хааны түүхэн үйл хэрэгтэй холбогдсон бөгөөд монгол хүн монгол бичгээр Чингис хаан хэмээх нэрийг сийлсэн анхны бичээс гэдэг талаасаа ч мөн онцгой чухаг дурсгал мөн.

0 Лаяк